Skip to content

test

- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
I. Нийтлэг зүйл PDF Хэвлэх И-мэйл

МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ

I.Нийтлэг зүйл

1.Монгол Улсын Үндсэн хууль нь Монгол Улсын ард иргэд, нийгмийн бүх хэсэг бүлгийн нийтлэг ашиг сонирхлын цогцолсон илэрхийлэл мөн.

2.Монгол Улсын үндэсний аюулгүй байдал /цаашид "үндэсний аюулгүй байдал" гэх/ гэж Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхлыг хангах гадаад, дотоод таатай нөхцөл баталгаатай хангагдсан байдлыг хэлнэ. Үндэсний аюулгүй байдлыг хангах бодлогын үзэл бодлын үндэс нь эх оронч үндэсний үзэл байна.

3.Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхолд монголын ард түмэн, соёл иргэншил оршин тогтнох, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улсын хилийн халдашгүй дархан байдал, эдийн засгийн харьцангуй бие даасан байдал, экологийн тэнцвэрт хөгжил, үндэсний эв нэгдэл багтана. Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхол нь төр, ард түмний онцгой анхаарал хамгаалалтад байна.

4.Үндэсний аюулгүй байдлыг хангах гэж Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхлыг хамгаалан бэхжүүлж тал бүрийн баталгаа буй болгоход чиглэсэн төрийн бодлого, төр, түүний байгууллага, албан тушаалтнаас авч буй, иргэдээс хэрэгжүүлж буй арга хэмжээг хэлнэ. Эдгээр арга хэмжээ нь урьдчилан сэргийлэх, бүтээн байгуулах чиг хандлагатай байна. Монгол Улс нь эдийн засаг, соёл, шинжлэх ухаан-технологи, боловсрол зэрэг салбарт олон улсын хэмжээнд өрсөлдөх чадвартай байхыг чухалчилна.

Нэг.Үндэсний аюулгүй байдлын бүтэц

5.Үндэсний аюулгүй байдал нь дараах үндсэн хэсгээс бүрдэнэ:

1/ Монгол Улсын оршин тогтнохын аюулгүй байдал;
2/ нийгэм-төрийн байгууллын аюулгүй байдал;
3/ иргэдийн эрх, эрх чөлөөний аюулгүй байдал;
4/ эдийн засгийн аюулгүй байдал,
5/ шинжлэх ухаан, технологийн аюулгүй байдал;
6/ мэдээллийн аюулгүй байдал,
7/ монгол соёл иргэншлийн аюулгүй байдал;
8/ хүн ам, удмын сангийн аюулгүй байдал;
9/ экологийн аюулгүй байдал.

Хоёр.Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хүчин зүйлүүд

6.Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хүчин зүйлийг эх сурвалжаар нь дотоод, гадаад, цаг хугацааны хувьд гэнэтийн, тодорхой хугацааны, түүхэн нэгэн үеийн, мөнхийн гэж тус тус ангилна. Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхол нь мөнхийн ангиллын ашиг сонирхол мөн.

7.Үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөөлж болох хүчин зүйлийг шинж чанарын үүднээс объектив, субъектив; учруулах аюулын магадлалаар нь бодит болон болзошгүй гэж тус тус ангилна. Үндэсний аюулгүй байдлыг хангах, бэхжүүлэх бодлого нь аливаа аюулыг "болзошгүй" үед нь тодруулан тогтоож арилгах, субъектив аюулыг цаг тухайд нь арилгах замаар объектив аюулыг багасгах, урьдчилан сэргийлэхэд чиглэнэ.

8.Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх гадаад хүчин зүйл:

Монгол Улсын үндэсний аюулгүй байдал нь олон улсын аюулгүй байдлын бүрэлдэхүүн хэсэг мөн бөгөөд түүнээс шууд хамаарна. Улс төрийн орон зайн хувьд аюулгүй байдлыг дэлхийн, бүс нутгийн, салбар бүс нутгийн гэж ангилна.

9.Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх дотоод хүчин зүйл:

Үндэсний аюулгүй байдлыг дотоод орон зайгаар нь улсын, бүсийн, аймаг, нийслэлийн, сум-нутгийн гэж ангилна.

Гурав.Үндэсний аюулгүй байдлыг хангах арга зам, баталгаа

10.Үндэсний аюулгүй байдлыг нийгэм, улс төр, зохион байгуулалт, эдийн засаг, дипломат, цэрэг, тагнуул, хууль зүйн аргаар дангаар буюу олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх замаар хангана.

11.Үндэсний аюулгүй байдлыг хангах үндсэн арга хэрэгсэл нь баттай мэдээлэл, нарийн судалгаа, тооцооны үндсэн дээр үйл явдлын өрнөлт, хөгжлийг урьдаас харж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах явдал мөн.

12.Үндэсний аюулгүй байдлын үндсэн баталгаа нь монголын ард түмэн өөрөө, Монгол Улсын төр мөн.

13.Үндэсний аюулгүй байдлын олон улсын баталгаа нь улс төр, хууль зүй, ёс суртахуун-сэтгэл зүйн баталгаанаас бүрдэнэ. Олон улсын баталгааг дангаар, хоёр болон олон талын арга хэмжээг хослуулан авах замаар буй болгож бэхжүүлнэ. Цэрэг-улс төрийн аюулгүй байдлын баталгааг хамтын хүчээр аюулгүй байдлыг хангах тогтолцоо бүрдүүлэх, оролцох замаар хангана.

Дөрөв.Үндэсний аюулгүй байдлыг хангах тогтолцоо

14.Үндэсний аюулгүй байдлыг хангах үүргийг Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Ерөнхийлөгч, түүний тэргүүлсэн Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Засгийн газар, хууль сахиулах болон төрийн захиргааны төв, орон нутгийн байгууллагууд гүйцэтгэнэ.

15.Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч байгууллагууд, нутгийн өөрөө удирдах байгууллагууд нь энэхүү үзэл баримтлалын үзэл санааг Монгол Улсын Үндсэн хууль, хууль тогтоомж болон эрх зүйн бусад холбогдох актаар бэхжүүлж, тус тусын эрх хэмжээний дотор хэрэгжүүлэх үүрэгтэй.

16.Улс төр, олон нийтийн байгууллагууд болон иргэд Үндэсний аюулгүй байдлыг хангах тухай хууль тогтоомж, энэхүү үзэл баримтлалыг чанд мөрдлөг болгож, тэдгээрийг хэрэгжүүлэхэд идэвхтэй оролцоно.

17.Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл тухайн үеийн байдлыг харгалзан энэхүү үзэл баримтлалыг хэрэгжүүлэх стратеги, тактикийг уялдуулан зохицуулах үүргийг хүлээх бөгөөд үндэсний аюулгүй байдал хэрхэн хангагдаж байгаад хяналт тавьж, Улсын Их Хуралд жил бүр мэдээлж байна.

18.Үзэл баримтлалыг хэрэгжүүлэх арга хэмжээг тухайн байгуулагууд өөрсдийн төсөвт тусгаж гүйцэтгэнэ. Тусгай арга хэмжээ авах нөхцөлд зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.

Тав.Үндэсний аюулгүй байдлын мэдээллийн сан

19.Үндэсний аюулгүй байдлыг хангах төрийн бодлогыг уялдуулан зохицуулах, хэрэгжүүлэхэд шаардагдах бүх төрлийн мэдээллийг холбогдох эрх бүхий байгууллага, иргэд, гадаадын эх сурвалжаас олж авах бөгөөд, мэдээллийн нэгдсэн санг Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэргэд байгуулна.


Сүүлд шинэчлэгдсэн ( Friday, 2007 оны 07 сарын 27 )

 

 

Холбоос