Skip to content

test

- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
II. Монгол Улсын оршин тогтнохын аюулгүй байдал PDF Хэвлэх И-мэйл

II.МОНГОЛ УЛСЫН ОРШИН ТОГТНОХЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ

20.Монгол Улсын оршин тогтнохын аюулгүй байдал гэж Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улсын хилийн халдашгүй дархан байдал хангагдсаныг хэлнэ.

21.Монгол Улсын оршин тогтнохын аюулгүй байдлыг хангахад сөрөг нөлөөлж болох гадаад хүчин зүйлүүд:

1/ аливаа улс, хүчин Монгол Улсын эсрэг зэвсэгт түрэмгийлэл үйлдэх буюу үйлдэхээр заналхийлэх;

2/ Монгол Улсын төрийн тусгаар тогтнолыг хүчээр өөрчлөх, ард түмний үндэсний эв нэгдлийг сарниулах бодлого явуулах;

3/ олон улсын эрх зүйн дагуу бусад улстай чөлөөтэй харьцахад саад хийх, дарамт шахалт үзүүлэх;

4/ Монгол Улс, түүний ард иргэдийн эсрэг алан хядах, хорлон сүйтгэх, тагнан турших үйл ажиллагаа явуулах, зохион байгуулах буюу тийнхүү үйл ажиллагаа явуулахыг өдөөн турхирах, туслах;

5/ аливаа улс гүрэн өөрийн ашиг сонирхол, үзэл бодлыг Монгол Улсад хүчээр тулгах, маргааныг хүч хэрэглэх замаар шийдвэрлэхийг оролдох;

6/ Монгол Улсыг улс төр, цэрэг, эдийн засаг, үзэл бодлын хувьд эрхшээлдээ оруулах;

7/ дэлхий дахин, бүс нутаг буюу салбар бүс нутагт манай улс оронд нөлөөлөхүйц зөрчил хямрал үүсч дайнд татагдан орох;

8/ Монгол Улсын эдийн засгийг тогтворгүй болгох, төрийн эргэлт гаргуулахаар завдах буюу хийх, бусад улс орны эсрэг бодлого, үйл ажиллагаандаа түшиц болгон ашиглах;

9/ улсын хилийг өөрчлөх, хууль бусаар хил нэвтрэх, хилийн зөрчил гаргах;

10/ хил залгаа орнуудын хоорондын зөрчил тэмцэл, мөргөлдөөнд татагдан орох, тэдгээрийн дотоод зөрчил, хямралын уршигт нэрвэгдэх;

11/ хөрш орноос дүрвэгсэд олноор орж ирэх;
12/ байгаль, экологийн гай гамшиг гарах, хүн ба амьтны гоц халдварт өвчин гарч тархах.

22.Монгол Улсын оршин тогтнохын аюулгүй байдлыг хангахад сөрөг нөлөөлж болох дотоод хүчин зүйлүүд:

1/ төрт ёс алдагдах, Монгол Улсыг бусад улсад дагаар оруулах явуулга, оролдлого хийх;

2/ үндэсний эв нэгдлийг сарниулах, Монгол Улсын тусгаар тогтносон байдлыг алдагдуулах улс төр, эдийн засаг, цэргийн бодлого явуулах;

3/ шашин, үндэс угсаа, нутаг орны хурц маргаан, зөрөлдөөн гарах нөхцөл байдал бий болох;

4/ Монгол Улсын хүчин чадлыг сулруулах, хорлон сүйтгэх, тагнан турших ажиллагаа явуулах;

5/ зэвсэгт хүчин, бусад цэрэг дотроо хуваагдах, түүний байлдах чадвар, цэрэг-эх оронч үзэл алдагдах, цэрэг-иргэний талцал маргаан, зэвсэгт үймээн, мөргөлдөөн гарах.

23.Монгол Улсын оршин тогтнохын аюулгүй байдлыг хангах арга зам:

Нэг.1/ аливаа улстай харилцахдаа орчин үеийн олон улсын эрх зүйн түгээмэл зарчмуудыг сахих, бусдаар сахиулах;

2/ олон улсын энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн Нэгдсэн Үндэстний Байгууллага, олон улсын бусад байгуулагын үйл ажиллагааг дэмжиж, нягт хамтран ажиллах;

3/ Нэгдсэн Үндэстний Байгууллагын Дүрмийн 51 дүгээр зүйлийн дагуу улс орноо түрэмгийллээс дангаараа буюу хамтын хүчээр хамгаалах эрх зүйн үндсийг хоёр болон олон талын шугамаар бүрдүүлэн баталгаажуулах;

4/ Ази, Номхон далайн бүс нутаг, ялангуяа Зүүн-хойд Ази, Төв Азид стратегийн тогтвортой байдлыг хангах, энх тайвныг бэхжүүлэх, аюулгүй байдлын найдвартай тогтолцоог бий болгох бодлого явуулах;

5/ нутаг дэвсгэрээ бусад улс орны эсрэг ашиглуулахгүй байх бодлогыг тууштай баримтлах, Монгол Улсын цөмийн зэвсэггүй бүсийн статусыг олон улсын хэмжээнд баталгаажуулж, аюулгүй байдлаа улс төрийн аргаар бэхжүүлэх чухал тулгуур болгох. Төв Азийг цөмийн зэвсэггүй бүс болгох чиг баримтлах;

6/ Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхлыг хөндсөн, түүнд харшилсан болон Монгол Улсын нэр хүндийг гутаахад чиглэсэн аливаа явууллагад цаг тухайд нь үндэслэл бүхий няцаалт өгч, шаардлагатай гэж үзвэл төрийн бодлого, үйл ажиллагаандаа зохих ёсоор тусгаж байх;

7/ гадаад улс оронтой харилцах нэг чухал суваг болох "ардын дипломат" бодлогыг өргөнөөр ашиглаж Монгол Улсыг мэддэг, дэмждэг уур амьсгалыг бусад улс оронд, нэн ялангуяа хөрш зэргэлдээ болон нөлөө бүхий улс оронд буй болгох;

8/ Монгол Улсад оршин суух гадаадын иргэд, харьяалалгүй хүмүүсийн тоо, тэдний зорчин явах журмыг хуульчлан тогтоож, хяналт тавих, Монгол Улсад хууль бусаар оршин суух явдлыг гаргуулахгүй байх хяналтын тогтолцоотой болох.

Хоёр. 1/ Монгол Улс бусад улс орон, олон улсын байгууллагуудтай цэргийн салбарт хамтран ажиллаж, өөрийгөө болзошгүй түрэмгийллээс урьдчилан сэргийлэх, хамтын хүчээр батлан хамгаалах бодлогодоо хөрш зэргэлдээ, гурав дахь улс гүрэн, Нэгдсэн Үндэстний Байгууллагын болон олон улсын бусад нэгдсэн зэвсэгт хүчнийг ашиглах чиг баримтлах;

2/ улс орны тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улсын хилийн халдашгүй дархан байдлыг хамгаалах чадвартай үндэсний зэвсэгт хүчин, бусад цэрэгтэй байх;

3/ Монгол Улс өөрийгөө батлан хамгаалах зорилтоо бүх нийтийн батлан хамгаалах тогтолцоонд тулгуурлан өөрийгөө хамгаалах цэргийн номлолын дагуу хэрэгжүүлэх.Түрэмгийлэл, зэвсэгт халдлагаас гагцхүү өөрийн хүчинд тулгуурлан хамгаалахад хүрвэл өөрийгөө хамгаалах дайн явуулж, түүнд дотоодод байгаа бүх хүч арга хэрэгсэл, гадаад хүчин зүйлийг өргөнөөр ашиглах;

4/ цэргийн салбарт итгэлцлийг бэхжүүлэх, бүс нутгийн аюулгүй байдлыг хангах механизм буй болгох олон улсын хүчин чармайлт, хамтын ажиллагаанд бололцооныхоо хэрээр оролцох.

 

Холбоос