Skip to content

test

- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
X. Эколгийн аюулгүй байдал PDF Хэвлэх И-мэйл

Х.ЭКОЛОГИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ

52.Экологийн аюулгүй байдал гэж байгаль, цаг уурын өөрчлөлт болон байгалийн нөөцийг зохистой ашиглах, хамгаалах бодлогын харьцаа алдагдсанаас хүний амьдрах орчин, эдийн засагт үүсэх сөрөг нөлөөллөөс сэргийлэх нөхцөл хангагдсан байдлыг хэлнэ.

53.Экологийн аюулгүй байдлыг хангахад сөрөг нөлөөлж болох гадаад хүчин зүйлүүд:

1/ дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн улмаас цөлжилт эрчимжих, хур тунадасны хэмжээ, хуваарилалт өөрчлөгдөх, ган, зудтай жилийн тоо нэмэгдэх, озоны давхарга нимгэрэх;

2/ хил дамжин агаар, усаар орж ирэх цацраг идэвхжил, химийн бохирдол, хүчиллэг бороо ихсэх, хүн амьтныг олноор хөнөөх өвчин тахал гарах, ой мод, бэлчээр, ургамлыг устгах хортон мэрэгчид, хорхой шавьж олшрох;

3/ мансууруулах болон хүний оюун ухаан, эрүүл мэндэд хортойгоор нөлөөлөх бодисын түүхий эд бэлдэх түшиц газар болон хувирах.

54.Экологийн аюулгүй байдлыг хангахад сөрөг нөлөөлж болох дотоод хүчин зүйлүүд:

1/ экологийн тэнцвэрт тогтолцоо алдагдах, хөрсний элэгдэл эвдрэл ихсэх, ургамал, амьтны удмын сан хомсдох;

2/ ургамлын нөмрөг ядуурч ойн нөөц хомсдон мөрөн, гол нуур, газрын доорхи ус татарч ширгэх, нутаг бэлчээр гандан хуурайших;

3/ байгалийн нөөц баялгийг сорчлох, цөлмөх байдлаар ашиглах;
4/ хаягдал ихтэй техник, технологи хуримтлагдах хортой хог хаягдал гаргадаг үйлдвэрлэл бөөгнөрөх, гадаад орны хортой хог хаягдал булшлах газар болох.

55.Экологийн аюулгүй байдлыг хангах арга зам:

1/ байгаль орчноо хайрлан хамгаалдаг ардын уламжлал, ёс заншлыг сэргээж бүх нийтэд түгээн төлөвшүүлэх ажлыг төрийн бодлогын хэмжээнд тавих;

2/ байгалийн нөхөн сэргээгдэх нөөцийн хүрээнд амьдралын хэрэгцээг бүрэн хангах, үл нөхөгдөх буюу удаан сэргэдэг нөөцийг зөвхөн улс орны хөгжлийн ашиг сонирхлын үүднээс нэмэлт хүчин зүйл болгож ашиглах зарчим баримтлах;

3/ эдийн засгаа экологийн баримжаатайгаар хөгжүүлж ЭКОМАРК бүхий бүтээгдэхүүнээр дэлхийн зах зээлд тодорхой байр суурь эзлэх бодлого баримтлах;

4/ газар нутгийн зарим шаардлагатай хэсгийг дархлан хамгаалж, бусдыг нь экологийн тэнцвэрийг барих бодлого, хөшүүрэгтэйгээр аж ахуйн эргэлтэд аажмаар оруулах;

5/ газрыг чөлөөтэй эзэмших хэлбэрээр эзэнгүйдүүлэх буюу хүн бүрд хувь оноох хэлбэрээр тасдан хуваахаас зайлсхийх, бэлчээрийг эргэж буцалтгүй талхагдалд оруулахаас сэргийлэх;

6/ эдийн засгийн дэд бүтэц, байгалийн нөөцийн иж бүрдлийг багтаасан байгаль орчны тэнцвэрийг хангахуйц цогцолбор бүрдүүлэх зорилгоор засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн өнөөгийн хуваарилалтыг цаашид задалж жижигрүүлэхгүйгээр экологи-эдийн засгийн бүс бий болгох чиглэл баримтлах;

7/ хот, суурин газрыг төлөвлөх, байгуулахдаа хүн амыг хэт бөөгнөрүүлж тухайн бүс нутагт байгаль орчин тэнцвэр алдагдах голомт болохоос зайлсхийх;

8/ элс тогтоох, ус шингээн хадгалах бутлаг ургамлыг түлшинд хэрэглэхийг хязгаарлаж, модон материалын хэрэгцээг хангахад хөрш зэргэлдээ орнуудын боломжийг ашиглах бодлого баримтлах.Ой модыг нөхөн сэргээх, гал түймрийн аюулаас сэргийлэх, булаг, шанд, гол горхийн эхийг ойжуулах, тариалангийн талбайд хамгаалалтын ойн зурвас байгуулах зэрэг цогцолбор арга хэмжээг үндэсний стратегийн зорилт болгон хэрэгжүүлэх;

9/ доройтсон орчныг ургамалжуулах, ургамлын нөмрөгийн хэмжээг жилээс жилд нэмэгдүүлэх;

10/ үндэсний "Улаан ном"-ыг байнга сэргээн баяжуулж дэлхийд ховордсон болон Монгол орны ховор ховордсон үлдэц, устах аюулд орсон буюу орж болзошгүй бичил биетний удмын санг хамгаалах цэгцтэй бодлого явуулах;

11/ эмийн болон хүнсний түүнчлэн техникийн үнэт ургамлыг нутагшуулах, тарималжуулах замаар үйлдвэрлэлийн хэмжээнд ашиглах, монголын унаган болон ховордсон, аж ахуйн чухал ач холбогдол бүхий амьтан, ургамлын гаралтай олзворын зүйлийг эдийн засгийн ашиг сонирхлын үүднээс гадаадад гаргахыг хязгаарлах;

12/ Монгол Улсын тус улсын нутаг дэвсгэрт байгаа нуур мөрөн гол, уст цэгүүд, усны нийт нөөц төр, ард түмний хамгаалалтад байж, усны нөөцийг хэмнэлттэй зарцуулах, хуримтлуулах, хур тунадасны ус хураах сан байгуулах, ахуйн болон үйвлдвэрлэлийн хэрэглээний цэвэр усны нөөц чанарын хяналтын тогтолцоо бүрдүүлэх;

13/ Монгол Улсын нутаг дэвсгэрт болон түүний хилийн ойролцоо газарт цөмийн зэвсэг турших, байрлуулахын эсрэг идэвхтэй үйл ажиллагааг оновчтой арга хэлбэрээр явуулах;

14/ байгаль орчинд халтай нөлөө бүхий аж ахуй эрхлэх явдлыг эрх зүйн болон эдийн засгийн хөшүүргээр хязгаарлах чиглэл баримтлах;

15/ озоныг саармагжуулах үйлчилгээ бүхий хий гаргадаг үйлдвэрлэл явуулахгүй байх, ийм төрлийн бүтээгдэхүүнийг хязгаарлах;

16/ байгалийн гамшиг, гэнэтийн аюулаас сэргийлэх, тэмцэх тогтолцоо бий болгох;

17/ хуурай буюу цөлжсөн бүс нутагт хүн ардынхаа амьдралыг хангах үндэсний уламжлалт технологийг судалж, уур амьсгалын болзошгүй өөрчлөлтийн аливаа тохиолдолд үндэснийхээ амьдрах чадварыг хангах бэлтгэлтэй байх;

18/ Монгол орны амьд биетний бүрдлийн өвөрмөц голомт, шимт мандлын зангилгаа цэгүүдийг дархан газрын сүлжээнд бүрэн хамруулахын хамт тэдгээрийн заримыг нь олон улсын статустай болгож дэлхийн соёлын өвд багтаах арга хэмжээ авах;

19/ Монгол Улсын нутаг дэвсгэрийг олон улсын хамгаалалттай экологийн бүс нутагт хамруулах бодлого явуулах;

20/ байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх асуудлаар олон улсын гэрээ, хэлэлцээр байгуулах, олон улсын байгууллагууд хандивлагч орнуудтай хамтран экологийн чиглэлийн төслүүд хэрэгжүүлэх замаар тэргүүний технологи оруулах, болзошгүй аливаа аюулаас урьдчилан сэргийлж ямар ч нөхцөлд хохирол багатай даван туулах тогтолцоо бий болгох.

 

Холбоос